ГМБЭХ-ноос ээлжит Бизнес үдийн зоог арга хэмжээг 2016 оны 10-р сарын 26-нд Кемпински Хаан Палас зочид буудлын ресторанд зохион байгууллаа.

Бизнес үдийн зоогийн энэ удаагийн илтгэгчээр Компанийн Засаглалын Хөгжлийн Төвийн захирал хатагтай Т. Цэнд-Аюуш, олон улсын зөвлөх хатагтай Др. Мануэла Гласс нар тус тус оролцлоо.

Хатагтай Цэнд-Аюуш "Монгол Улсын шилдэг "Жилийн тайлан" шалгаруулах уралдаан-Оролцож буй компаниудын зорилго, ач холбогдол" сэдвээр илтгэл тавьж, ГМБЭХ-ны гишүүдийн асуултанд хариулсан юм.

Компанийн Засаглалын Хөгжлийн Төв (CGDC)-өөс жилийн тайлангийн олон улсын стандартыг нэвтрүүлэх, Шилдэг тайлан шалгаруулах үндэсний анхны уралдааныг зохион байгуулдаг юм байна.

 Уг төслийн зорилго нь Монголын Хөрөнгийн Биржэд бүртгэлтэй компаниуд, төрийн өмчит компаниуд, олон нийтэд нээлттэй тайлагнах үүрэг бүхий байгууллагуудын тайлагналын тогтолцоог олон улсын жишигт хүргэж хөгжүүлэхэд оршино.

Төсөл нэг жилийн хугацаанд үргэлжлэх бөгөөд оролцогч компаниудын дунд шилдэг тайлангийн уралдаан зарлаж, шалгаруулж, үүгээрээ дамжуулан компанийн дотоод бүтцэд жилийн тайланг боловсруулах тогтолцоог бүрдүүлэхэд нь туслах, мэргэжлийн зөвлөгөө, сургалт өгөх, зохицуулагч агентлагуудад ийм тогтолцоог дэмжих бодлого, журам боловсруулан хэрэгжүүлэхэд нь нөлөөлөл үзүүлэх нь төслийн үр дүн байх болно.

Мөн компанийн удирдлага, удирдах зөвлөлийн гишүүдэд зориулсан Компанийн Засаглалын чиглэлээр 1 жилийн хугацаатай магистрын сургалт явуулдаг юм байна.

Төслийн ач холбогдол нь компанийн түвшинд: Жилийн тайланг компаниуд хариуцлагатай гаргадаг болсноор бизнесийн өсөлт тогтворжин, хөрөнгө оруулалт нэмэгдэж, хөрөнгийн зах зээл хөгжих суурь нөхцөл бүрдэнэ.

Төсөлд оролцох компаниуд: Монголын Хөрөнгийн Биржэд бүртгэлтэй компаниуд , төрийн өмчит компани болон үйлдвэрийн газрууд, даатгалын компаниуд, арилжааны банкууд, банк бус санхүүгийн байгууллагууд.

ГМБЭХ-ноос уригдан ирж сонирхолтой илтгэл тавьсан хатагтай Т. Цэнд-Аюуш, Др. Мануэла Гласс нарт баярласан талархсанаа илэрхийлье.  

Created: Пүрэв, 2016.10.27 16:37

Дэд цэс


Арга хэмжээ


No events found