Нэг жил гаруйн хугацаанд  бэлтгэл ажил явуулж 21 тэрбум төгрөг (10 сая орчим америк доллар) зарцуулсны эцэст Монгол Улс  Ази, Европ тивийн  51 орны төрийн тэргүүн, гадаад хэргийн сайд нар оролцсон Ази, Европын Дээд түвшний 11 дэхь уулзалтыг зохион байгууллаа. Дээд түвшний уулзалт Монголын эдийн засагт, нэн ялангүяа зочид буудал, үйлчилгээний салбарт 8-10 сая америк долларын орлого оруулжээ. Бизнес эрхлэгч компанийн эзэд, бизнесийн холбоод, худалдааны танхим, судалгааны хүрээлэн, эдийн засгийн салбарын улс төрчдөөс бүрдсэн 100 гаруй төлөөлөгч 4 өөр салбар хуралдаан дээр тавигдсан илтгэлийг сонсон хэлэлцүүлэг өрнүүлж асуулт тавих боломжтой байлаа.
АСЕМ-ын Дээд түвшний уулзалтын хүрээнд Ази-Европын Бизнес Форум “Ази, Европын хоорондох хэлхээ холбоогоор дамжуулан Эдийн засгийн өсөлтийг дэмжих нь” сэдвийн дор салбар хуралдаанууд Улаанбаатар хотноо 7 сарын 13, 14-ны өдрүүдэд боллоо.
Бизнесийн Форумыг Ерөнхий сайд Ж. Эрдэнэбат, өмнөх засгийн газрын Аж үйлдвэрийн сайд асан Д. Эрдэнэбат нар нээн үг хэлсэн бөгөөд эхний салбар хуралдаан “Оролцоотой эдийн засгийг хөгжүүлэх нь” сэдвээр байлаа.  Панелистуудаас Еоланда Фернандез Ломен  (Азийн хөгжлийн банкны суурин төлөөлөгч)  дэлхийн худалдааны дүрэм, журмыг  боловсруулж,  хэрэгжүүлдэг Дэлхийн худалдааны байгууллагын гүйцэтгэх үүргийг чухалчилжээ. “Ази Европын хэлхээ холбоо” сэдэвт хоёр дахь хуралдаанаар бүс нутагт хэрэгжүүлэх хөтөлбөр, тухайлбал Орос-Монгол-Хятадын эдийн засгийн корридорыг байгуулахтай холбогдон маш олон төсөл хөтөлбөрүүд хэрэгжих боломж гарч байгаа тухай хэллээ. Харин 3-р салбар хуралдаан “Жижиг, дунд бизнес олон улсын нэмүү өртгийн сүлжээнд нэгдэх”  тухай байлаа. Үндсэн илтгэгчид  татварыг бууруулах, дөнгөж эхэлж буй бизнесийг дэмжих зэргээр бизнесийн таатай орчинг үүсгэхийн ач холбогдлыг онцлов.   “Хөрөнгө оруулалт ба ногоон хөгжил” хуралдааны панелист Монгол Улсын Байгаль Орчин, ногоон хөгжил, аялал жуулчлалын сайд асан д-р С. Оюун  ногоон, тогтвортой хөгжлийг үндэсний хөгжлийн бодлогод оруулан мэргэжлийн салбарын ажилтнуудад зориулан сургалт зохион байгуулах хэрэгтэй гэв.  Төр засгийн хүлээх хариуцлагыг тодорхой болгож төр нь ногоон технологи, сэргээгдэх эрчим хүчний хэрэглээг дэмжих замаар олон нийтэд  ач холбогдлыг ойлгүүлах нь чухал гэлээ.
Бизнесийн форумын төгсгөлд  БНСВУ-ын Ерөнхий сайд Нгуен Суан Фук, Ерөнхийлөгч Ц. Элбэгдорж, Европын Комиссын Ерөнхийлөгч Жан-Клад Юнкер нар үг хэллээ. Жан-Клад Юнкер олон улсын зочид төлөөлөгчдийг халуун дотно хүлээн авч хүндлэн зочилж байгаад талархсанаа илэрхийлээд  “Ерөнхийлөгч танд хандан хэлэхэд бид танай оронд хан хөвгүүд шиг тавтай зочилж байна, та бол дэлхий ертөнцийг таньсан хүн, эх орныхоо агуу удирдагч. Энэ сайхан орны ирээдүй сайхан байна гэдэгт миний бие итгэлтэй байна. Монгол улс мандан бадраг”  гэлээ.
 

Created: Мягмар, 2016.08.02 13:30

Дэд цэс


Арга хэмжээ


No events found